Tuesday, July 6, 2010

Үндэсний аюулгүй байдал ба Таван толгой

Таван толгойн нүүрсний ордыг ашиглах талаар өнөөдөр олон нийтлэлч, улс төрч, эх оронч нар санал бодлоо уралдуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүний цаана Засгийн Газар Таван толгой ордыг ашиглах төрийн бодлогоо үндэсний аюулгүй байдал, дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай нарийвчлан уялдуулж асуудлыг авч үзэхгүй байгаа нь харамсалтай.

Засгийн газар Үндэсний Аюулгүй байдал гэдэг асуудлыг хэт ерөнхий авч үзэж байгаа нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ?


Энд нэг нөхцөл байдал системийн судлаач бид нарын анхаарлыг хамгаас их татаж байна. Энэ нь юу вэ гэвэл дэлхийн хөгжингүй орнууд улс орны ирээдүйтэй шууд холбоотой асуудал дээр Үндэсний Аюулгүй байдалд үүсэж болох бүх эрсдэлүүдийг системийн судалгаа болон үндэсний аюулгүй байдлын стратеги судлалын хүрээлэнгүүдээрээ дамжуулж нарийн судалж, нийт ард иргэдийнхээ санал хүсэлтийг өргөнөөр ашиглах замаар ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдээс улсаа хамгаалах нөхцөл байдлаа хангах үүднээс шаргуу ажилладаг. Харин буурай орнуудад шал эсрэгээр, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг дэндүү ерөнхий, яг одоо манай Монгол улсад өрнөж байгаатай адил хам хум, ямар ч судалгаа үндэслэлгүйгээр, зарим тохиолдолд шууд тархи угаалт, хуурамч мэдээллийн урсгалаар шийдэх замаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг санаатайгаар дутуу авч үзэх байдал түгээмэл байна.

( Ер нь үндэсний аюулгүй байдлын асуудлыг нарийн гаргаж ирэх нь улс орныг далд аргаар эзлэх бодлогод хамгийн их сөргөөр нөлөөлдөг тул гадаадын бодлого баригч нар буурай орнуудыг эрхшээлдээ оруулахдаа нэн түрүүнд үндэсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч гол хүмүүсийг өөрсдийн хяналтдаа авдаг. Монголын өнөөгийн төр засгийн бодлогыг хараад байхад үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч нар гадаадын бодлого баригч нарын эрхшээлд орчихсон гэсэн дүгнэлт зүй ёсоор гарч байгааг одоо нуугаад хэрэггүй биз дээ.)

Цаашилбал Таван толгой ордын асуудлыг дэлхийн геополитик болон Үндэсний Аюулгүй байдалтай холбож авч үзье.

Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах нь зөв боловч хэрхэн ашиглахаас олон зүйл хамаарна. Гэтэл өнөө үед Таван толгойн ашиглалтын үйл явцаас хамаарч Үндэсний Аюулгүй байдалд маш олон эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Үүнд хэд хэдэн нөхцөл байдлыг онцгойлон авч үзье:

1. Монгол улсын Засгийн Газар Таван толгойг ашиглаж мөнгө олж болох юм байна гэдгийгээ л сайн ойлгож байгаа болохоос хэрхэн зөв бодлогоор ашиглах вэ гэдгээ мэдэхгүй байгаа байдал

2. Дэлхийн геополитик, гео-стратегийн талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүмүүсээр Таван толгой болон үүнээс үүдэлтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодлогыг тодорхойлуулж байгаа байдал

3. Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоо шаардлага хангахгүй байгаа байдал

4. 21-р зуунд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр бүрэлдэн тогтож буй дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, хуульчлан батлаагүй байдал

5. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн ордуудаа хэрхэн ашиглах талаар боловсруулсан үндэсний бодлого болон хөтөлбөрөө гаргаагүй байж шууд гадаадын компаниудтай гэрээ хийж байгаа байдал

6. Монгол улсын стратегийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх багийг шаардлага хангах хүмүүсээр бүрдүүлээгүй байдал. Өөрөөр хэлбэл төр засгийг төлөөлж гэрээ хийж байгаа багийн бүрэлдэхүүн олон улсын хууль эрх зүйн асуудлыг мэдэхгүй, гэрээ хэлэлцээрийн ямар ч туршлагагүй, нөлөөнд амархан автамтгай, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр нэг ч удаа ажиллаж байгаагүй тийм хүмүүсээс бүрдсэн байна (бүх хөгжингүй орнуудад үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүсээр улс орны шинж чанартай гэрээ хэлэлцээрийг хийлгэдэггүй)

7. Гэрээнээс үүсэх сөрөг үр дагаврыг цаг хугацаа, үйл ажиллагааны цар хүрээ, хууль эрх зүйн орчноор нь хязгаарлах бодлого бариагүй байдал

8. Гэрээний хэрэгжилтийн явцад Монгол улс өөртөө ашиггүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээнээс гарах нөхцөлүүдийг урьдчилан нарийвчлан боловсруулаагүй байдал. Үүнтэй холбогдуулж ямар ямар заалтууд байх ёстой гэдгээ ч мэдэхгүй байгаа байдал

9. Гэрээний хэрэгжилтийн явцад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсэх тохиолдолд үл маргах журмаар гэрээг дуусгавар болгох талаар заалт ороогүй байдал

10. Монгол улсыг төлөөлж гэрээ байгуулж байгаа хүмүүстэй гэрээний заалтыг үндэсний эрх ашгаас гадуур хийсэн тохиолдолд эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулаагүй байдал. Улмаар хариуцлагын тогтолцоогүй орчинд тухайн гэрээ хийгч сайд нар гадаадаас авах шагнал урамшууллаа нэмэгдүүлэх үүднээс гадаадын эрх ашигт нийцэх заалтуудыг дэндүү улайм цайм оруулж байгаа байдал (удахгүй Монголоос гараад зугтах хүмүүст гэрээний заалтуудаас гарах үр дагавар хамаагүй)

11. Бусад бүх хөгжингүй улс орнууд өөрсдийн орд газруудыг тодорхой нөхцөлтэйгөөр ашиглуулдаг байхад ганцхан Монгол улс орд газруудаа бүр эзэмшил болгоод өгчихсөн байдал

12. Төр засгийн удирдлагад гарсан хүмүүс нь Монголын эрх ашгийг хамгаалах сонирхолгүй, хийж байгаа алдаанаас нь гарах сөрөг үр дагаврын цар хүрээг тооцох чадалгүй, мэдлэггүй, ирээдүйд учирч болох аюулыг системийн хэмжээнд тодорхойлж чадахгүй байгаа, эсвэл санаатайгаар зөв тодорхойлохыг хүсэхгүй байгаа байдал

Өөрөөр хэлбэл Монгол улс стратегийн ордуудаа ашиглах талаар гэрээ хийж байгаа байдлыг харахад машин жолоодож үзээгүй хүнд орчин үеийн уралдааны машин өгөөд олон улсын шинж чанартай авто уралдаанд оролцуулахтай ижил төстэй үйл явдал Монгол улсад өрнөж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Засгийн Газрын боловсруулсан Таван толгой ордыг зөв зохистой ашиглах үзэл баримтлал нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, эсвэл санаатайгаар гадаадын ашиг сонирхолд нийцүүлж хийж байгаад л гол учир нь оршиж байгаа юм.


Тэгвэл өнөөдөр Таван толгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг бид ямар замаар явуулах ёстой вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Энэ тал дээр зарим нэг саналаа илэрхийлье.

1. Дээр дурдагдсан бүх сөрөг нөхцөл байдлуудыг нэн даруй арилгах
2. Таван толгойн ордын ашиглалтын бодлого Монгол улсын Үндэсний аюулгүй байдалтай ямар ямар өгөгдөхүүнээр холбогдож байгааг тодруулах
3. Эдгээр өгөгдөхүүний хэд нь гаднын нөлөөнөөс хамааралтай, хэд нь дотоодын нөлөөнөөс хамааралтай, хэд нь улс төрийн шинж чанартай, хэдэн эдийн засгийн шинж чанартай, хэд нь экологийн шинж чанартай, хэд нь нийгмийн шинж чанартай, хэд нь олон улсын шинж чанартай, хэд нь ганцхан Монгол улсын шинж чанартай, хэд нь харилцан холбогдох хамааралтай, хэд нь дангаараа шинж чанартай, хэд нь хувьсах чанартай, хэд нь тогтмол шинж чанартай, хэд нь шууд хамаарлын өгөгдөхүүн байна, хэд нь шууд бус хамаарлын өгөгдөхүүн байна гэдгийг нарийвчлан тодруулах
4. Эдгээр өгөгдөхүүнээс гарах эрсдэлийн хэмжигдэхүүний цаг хугацааны хамаарал, үр дагаврын хамаарал, засаж болох эрсдэлийн тоо болон хэмжигдэхүүн, засаж болохгүй эрсдэлийн тоо болон хэмжигдэхүүн тус тус ямар үзүүлэлттэй гарч байгааг системийн хэмжээнд нарийвчлан шалгаж үзэх, ирээдүйд үүсэх эрсдэлүүдийг урьдчилан тооцож үзэх шаардлагатай
5. Эдгээр өгөгдөхүүнээс шууд гарах эрсдэл, шууд бус гарах эрсдэл, эрсдэлийн илрэх хугацаа, ирээдүйд нөлөөлөх нөлөөллийн хэмжигдэхүүн, цар хүрээ, үр дагаврыг тогтоох
6. Таван толгой ордын ашиглалтын бодлого системийн тогтолцооны харилцан үйлчлэлийн харилцаанд эерэгээр үйлчлэх нөхцөлийг хангаж байгаа эсэх (системийн тогтолцоо гэдэг ойлголтод төр засгийн зохистой удирдлагын тогтолцоо, эдийн засгийн зохистой удирдлагын тогтолцоо, экологи - эдийн засгийн харилцан шүтэлцээ, нийгмийн эерэг хувьслын тогтвортой шинж чанар, нэг үндэстний иргэншлийн хувьсал дэлхийн иргэншлийн хувьсал хоёрын харилцан үйлчлэлийн зохистой харьцаа гэх өгөгдөхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл төр засаг-эдийн засаг-нийгэм-экологи гэсэн 4-н өгөгдөхүүний систем хоорондоо эерэг үйлчлэлтэй байна уу, сөрөг үйлчлэлтэй байна уу гэдгийг тогтоодог.)

Нэг үгээр хэлбэл Таван толгой ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлыг бид зүгээр эдийн засгийн үр ашигтай байдлаас нь асуудалд хандахаас илүү ирээдүйд Таван толгойг ашигласнаараа бид ямар зүйл дээр хожих вэ, ямар зүйл дээр алдах вэ гэдгийг сайн тооцох хэрэгтэй.


Цаашилбал дэлхийн нүүрсний салбарын системийн тогтолцоо, энд үйлчилж байгаа тоглоомын дүрмийг сайн мэдэхгүйгээр Монгол улс зөв зохистой бодлого барьж чадахгүй.

Нүүрсний тогтолцооны талаар та бүхэнд хэдэн мэдээлэл өгье. Дэлхийн нүүрсний тогтолцоог үндсэн 4-н хэсэгт хувааж авч үзэж болно. Энэ бол нүүрсний нөөцөөр тэргүүлэгч орнууд, нүүрсний экспортоор тэргүүлэгч орнууд, нүүрсний импортоор тэргүүлэгч орнууд, нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч орнууд гэж. Эдгээр тэргүүлэгч орнууд 3-н үндсэн чиглэлээр нүүрсний салбарын тоглоомын дүрмийг тогтоодог. Энэ нь нүүрсний ордын ашиглалтын эрх, тээвэрлэлт, технологи гурав юм. Энэ дотроо мэдээж тухайн ордын лицензийг эзэмших буюу тухайн ордыг ашиглах эрх нь хамгийн чухал нь. Энд бүх Хятадын "СNOOC" корпорацын Ерөнхийлөгч Фу-гийн хэлсэн үгийг The Economist сэтгүүл нийтэлсэн байдлаар нь хүргэе: " Мөнгө надаа байгаа. Технологийг би олж чадна. Гэхдээ чамд орд газар байхгүй л бол чамд хэн ч тусалж чадахгүй". Орд газрын ашиглалтын эрх ямар чухал болохыг та бүхэн энэ үгнээс харж байгаа байх.
Харин энэхүү 3-н чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дэлхийн улс орнууд өөрсдийн гео-компаниудаа төрийн бодлоготойгоор ашигладаг. Өөрөөр хэлбэл, ил талдаа зүгээр нэг аж ахуйн нэгж, цаана бол тухайн улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэгч төрийн машин байдаг.
Ийм байдлаар үйл ажиллагаанд оролцох нь ч цаана утга учиртай байдаг. Учир нь аливаа нэг хөгжингүй орон буурай орныг санаатайгаар эзлэх буюу хохироох бодлого хэрэгжүүлсэн байхад олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Мөн дээрээс нь олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргүүд гэж байна. Гэтэл аж ахуйн нэгж гэдэг бол өөр хэрэг. Аж ахуйн нэгж буюу компани нь хууль л зөрчөөгүй бол юу хийж болно гэсэн бичигдээгүй дүрэм дэлхий даяар үйлчилдэг. (Ийм нөхцөл байдалд энэ тэндээ олон цоорхой, хагархайтай Монголын хууль эрх зүйн орчин гадаадын бодлогод ямар сайхан боломж гаргаж өгч байна, төсөөлөөд үзээрэй ). Тэгээд ч аж ахуйн нэгж аливаа хууль эрх зүй, эдийн засгийн харилцаанд ашиг харж оролцдог тул тухайн компанийн удирдлагын үйлдлийг аливаа үндэстний эсрэг санаатайгаар улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Ийм л энгийн аргаар дэлхийн улс орнууд жирийн нэг компани гэсэн халхавчин доор өөрсдийн геополитикийн тоглолтоо хэрэгжүүлдэг.


Тэгвэл нүүрс яагаад ийм эрэлт хэрэгцээтэй вэ гэдэг асуудлыг авч үзье. Ингэхийн тулд та бүхэн доорх хүснэгтүүдийг анхааралтай ажиглана уу.

Дэлхий дээр батлагдсан нөөцөөрөө тэргүүлэгч орнууд:

АНУ - 246 643 сая тонн буюу 27.1%
ОХУ - 157 010 сая тонн буюу 17.3%
Хятад - 114 500 сая тонн буюу 12.6%
Энэтхэг - 92 445 сая тонн буюу 10.2%
Австрали - 78 500 сая тонн буюу 8.6%

Үүнтэй харьцуулж үзэхэд Монгол улсын нөөц батлагдаагүй боловч ойролцоогоор 150 гаруй тэрбум тонн гэж үздэг. Монгол улсыг гадаадынхан зүгээр ч нэг нүүрсний Саудын Араб гэж нэрлээгүй байх аа.

Дэлхий дээр нүүрсний экспортоороо тэргүүлэгч орнууд:

Австрали - 278 сая тонн буюу 25.6%
Индонез - 228 сая тонн буюу 21%
ОХУ - 115 сая тонн буюу 10.6%
АНУ - 83.5 сая тонн буюу 7.7%
Колумб - 81.5 сая тонн буюу 7.5%

Дэлхий дээр нүүрний импортоороо тэргүүлэгч орнууд:

Япон - 206 сая тонн буюу 19.4%
Өмнөд Солонгос - 107 сая тонн буюу 10.1%
Энэтхэг - 71 саят тонн буюу 6.7%
Тайван - 71 сая тонн буюу 6.7%
Герман - 56 сая5.2%

Дэлхий дээр нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладгаараа тэргүүлэгч орнууд:
(нэг жилд сая тн)

Хятад - 2 960 сая тонн буюу 42.5% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 38,5 жил)
АНУ - 1 063 сая тонн буюу 18% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 224 жил)
Энэтхэг - 522 сая тонн буюу 5.8% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 114 жил)
Австрали - 402 сая тонн буюу 6.6% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ -190 жил)
ОХУ - 327 сая тонн буюу 4.6% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ 481 жил)

Дээрх хүснэгтийг тайлбарлахад, жишээ нь Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 онд 2 960 сая тонн хүрсэн ба энэ хэрэглээг тогтмол гэж үзвэл 38 жилийн дараа Хятад улсын одоогийн батлагдсан нүүрсний нөөц дуусах магадлалтай юм. Мэдээж хэрэглээний индекс өсөх тохиолдолд энэ хугацаа бүр багасах нь ойлгомжтой.

Та бүхэн дээрх хүснэгтүүдийг сайн ажигласан бол олон зүйлийг өөрсдөө олж харсан гэж найдаж байна. Үүн дээр нэмээд хэдэн тайлбарыг хэлье.

Орчин үед дэлхий дээр аливаа улсын хөгжил болон аюулгүй байдлын гол суурь бол эрчим хүчний аюулгүй байдал юм.
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангадаг 3-н үндсэн түүхий эд байдаг. Энэ бол нефть, байгалийн хий, нүүрс. (уран болон бусад цацрагт идэвхт стратегийн бүтээгдэхүүний нөөц дэлхий дээр бага байдаг тул дээрх жагсаалтад ордоггүй.Усан цахилгаан станцууд зөвхөн хэдхэн улсуудын эрчим хүчний салбарт чухал байр суурь эзэлдэг.) Судлаачдын дүгнэж байгаагаар бол нефть болон байгалийн хийний нөөц одоогоос 30-40 жилийн дараа гэхэд дуусна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ нэмэгдэх тусам бүр хурдан дуусах магадлалтай. Энэ тохиолдолд нүүрс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах гол стратегийн бүтээгдэхүүн болно.

Дэлхий дээрх нүүрсний нөөцийг хэрэглээний өсөлтөөс нь хамаарч ойролцоогоор 100-150 жил ашиглана гэж үздэг. Хүн төрөлхтөн 2100 он гэхэд дээрх 3-н стратегийн эрчим хүчний түүхий эдээс хамааралгүй эрчим хүчний өөр шинэ технологи гаргаж чадахгүй бол бүх дэлхий даяараа эрчим хүчний хямрал үүснэ гэж Францын эрдэмтэд дүгнэсэн байдаг. Энэ тохиолдолд эрчим хүчний түүхий эдээ илүү нөөцөлж үлдсэн буюу түрүүлж технологийн хувьд хөгжсөн орон дэлхий дээр ноёлох байр суурьтай болох магадлал өндөр. Үүн дээр нөхөн сэргээгдэх эрчим хүчний судалгаанд зориулагдаж байгаа санхүүжилтийн хэмжээ жил бүр өсөж байгаа. Саяхан гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарны эрчим хүчний технологи, үйлдвэрлэлтийн салбарт 2,0 тэрбум долларын санхүүжилт гаргахаар болов (Abengoa Solar Inc, Abound Solar Manufacturing гэдэг Америкийн 2 компанид уг санхүүжилтийг олгохоор болсон байгаа.) . Гэтэл нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар дэлхийн эрчим хүчний системд өөрийн зохих байр сууриа эзлэхэд доод тал нь 50-70 жил шаардагдана гэж үздэг.

Тийм болохоор нүүрс удахгүй үнэгүйднэ гэдэг тархи угаалтад битгий хууртаарай гэж захимаар байна. Нүүрс ямар ч л байсан ойрын 50-70 жил үнэ нь тогтмол өсөх нь тодорхой.
Ийм ч учраас дэлхийн судлаачдын үзэж байгаагаар нүүрсний үнэ улирлын чанартай бага зэрэг дээш доошоо хэлбэлзэх боловч тогтмол өсөх буюу ойрын 10-15 жилийн дотор үнэ нь доод тал нь 100-300%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд наанадаж тогтмол үнэ нь өсөх стратегийн ордыг одооноос олон жилээр авна гэдэг нь хэнд илүү ашигтай вэ гэдэг нь тодорхой байгаа биз?

Энэ мэтчилэн улс орон бүр өөрсдийнхөө ирээдүйн аюулгүй байдлаа хангах бодлогоо одооноос угтуулан хэрэгжүүлж байгааг буруутгах аргагүй. Харин өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд бусад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бодлого хэрэгжүүлж байгаа зарим нэг улсын бохир санаархлыг Монголын төр засаг дэмжин, өөрийн газар нутагтаа хэрэгжүүлж байгаа нь аюултай. Өнөөгийн төр засаг дээрх нөхцөл байдлыг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлж далд хуйвалдааны замаар Монгол улсыг олон улсын геополитикийн торонд дөнгөлөх бодлого хэрэгжүүлж байгаа нь өнөөгийн түүхэн цаг хугацааны мөчлөг дээр бидэнд тулгараад байгаа аюул.

Оюу Толгой, үүний дараа удахгүй шийдэгдэх гэж байгаа Таван толгойн орд газрыг ашиглах төрийн бодлого нь Монгол улсыг өөрийн ашиг сонирхлын хүрээнд онилсон гадаадын эрх ашигт илүүтэйгээр нийцэж байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа. Ганцхан төр засаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр бүхэлд нь худалдаад авчихсан байгаа нь тархи угаах бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл байдлыг илүүтэйгээр бүрдүүлж байна.
Цаашилбал Засгийн Газар санаатай үйлдлээрээ Монгол улсыг гадаадын бодлогын золиос болгох алхмуудыг шат дараалалтай, Монгол улсын хууль эрх зүйн орчны хүрээнд хийж байгааг олж тогтооход тийм ч хэцүү биш. Энэхүү гадаадын том том компаниудтай хийж байгаа гэрээний заалт хэнд ашигтай вэ гэдгээс нь системээр нь хөөгөөд үзэхэд л бүх юм тодорхой болж байгаа юм. Мөн энэ үйл ажиллагааг Монголын талаас хэн сэдэж, хэн зохион байгуулж, хэн хэрэгжүүлж байгаа нь ч сонин биш. Түүхэн цаг хугацааны шүүлтүүрээр ороод ирэхлээр бүгд л ил болох ба тэр үед эдгээр улс хүссэн хүсээгүй зохих ёсныхоо хариуцлагаа хүлээх нь тодорхой. Гагцхүү төр засгийн удирдамжийг хэрэгжүүлэхэд санаандгүй оролцож байгаа хүмүүс энэ цаг мөчид засаж болох алдаануудаа засаагүйгээс болж сүүлд нь харамсаад барахгүй байдалд битгий ороосой гэж хүсэж байна.
Засгийн Газар ч яахав, 7-р сарын 9-нөөс өмнө яаравчлан Таван толгойн гэрээний асуудлыг гадаадын компаниудад өгөх хууль эрх зүйг бүрдүүлэх нь ойлгомжтой. Дараа нь гадаадын компаниудад орд ашиглах эрхийг ард түмэн баяр наадмаа тэмдэглэж байх үед нууц байдалд хурдан шийдээд өгчихнө. Нэгэнт олон улсын эрх зүйн харилцаанд гадаадад ашигтай нөхцөл байдлаар Таван толгойн асуудлыг оруулчихсан байхад ард түмэн яаж ч чадахгүй гэсэн тооцоо хийчихсэн, үр дүнгээ хүлээнэ. Нэгэнт гадаадын компаниудын нэр дээр Таван толгой ордын ашиглалтын эрх нь оччихсоны дараа одоогийн эрх баригчид тохиролцсон ёсоороо гадаадаас мөнгө ч авах нь авна. Одоо ч авна, ирээдүйд ч ашгаа авна. Ганцхан тэдний хувьд тооцож үзээгүй нэг л өгөгдөхүүн бий . Тэр нь юу вэ гэвэл 20-р зууны дэлхийн эрчим хүчний түүхий эдийн төлөөх дайны түүхийг мэдэхгүй одоогийн эрх баригчид тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа гэдгийг л мэдэхгүй. Өөрөөр хэлбэл гадаадын эрх ашигт нийцүүлж үр бүтээлтэй ажилласныхаа шагналд авсан мөнгөө тэд өөрсдөө хэзээ ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, үр хүүхэд нь ч тэрнээс нь юм хүртэхгүй. Харин хар хувь тавилан буюу "black fate" (нефть болон хувь тавилан нь хоёулаа "хар" болохоор адилтгаж нэрийдсэн юм болов уу ) гэж нэрлэгдсэн хар замаар явах тавилантай. "Black fate"-ийн талаар бяцхан тодруулга:
Өнгөрсөн зууны түүхийг сайтар судалж үзвэл 20-р зууны эрчим хүчний түүхий эдийн төлөөх их гүрнүүдийн далд хуйвалдаанд оролцсон буурай орнуудын төрийн тэргүүн болон нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ихэнх нь хачирхалтай байдлаар алга болох буюу аваар осолд ороод зуурдаар үхсэн байдаг. Италийн La Repubblica сонин тус улсын нефтийн Eni корпорацын Ерөнхийлөгч асан Энрико Маттеи 1962 оны 10-р сарын 27-нд онгоцны аваараар осолдсон байдлыг судлах явцдаа нэгэн сонирхолтой зүй тогтлыг илрүүлсэн байдаг. Энэ нь юу вэ гэвэл эрчим хүчний түүхий эдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцож байсан олон орны янз бүрийн эрх мэдэл бүхий хүмүүст дандаа золгүй явдал тохиолддог гэдгийг тогтоосон. La Repubblica сонины сурвалжлагч нарын анхаарлыг татсан бас нэг баримт гэвэл эдгээр хүмүүс дандаа олон зуун сая долларын гэрээ байгуулах явцад шууд болон шууд бусаар оролцсон байдаг. Үүнтэй холбогдуулж тус сонины дүгнэлтэд “хахууль өндөр байх тусмаа түүнээс өгөөжийг нь хүртэх магадлал багасдаг” гэж бичсэн байх бөгөөд "хахууль өгөгчид анхнаасаа хахууль авсан хүнээсээ мөнгөө яаж буцааж авахаа урьдчилан тооцсон байдаг бололтой" гэсэн байна.
Гэтэл өөр нэг эх сурвалжид бичсэнээр бол “... Эрчим хүчний салбарын түүхий эд нийлүүлэлттэй холбоотой олон улсын хэмжээний далд хуйвалдаанд оролцогсдын хувьд нэгэн бичигдээгүй “хараал” үйлчилдэг. Тэд бүгд сүүлд нь амь нас болон амьдралаараа хохирдог" гэсэн байна. (Түүхий эд нийлүүлэлттэй холбоотой гэсэн тодотголын цаана дандаа буурай, ядуу орны төлөөлөгчид байгаа нь хачирхалтай.) Цаашилбал уг эх сурвалжид "Энэ нь оролцсон гэрээ хэлэлцээрийн үнийн дүн хойно олон тэгтэй байх тусмаа тухайн гэрээ хэлэлцээрийг батлуулсан хүмүүст учир битүүлэг, эмгэнэлт явдлууд заавал тохиолддог” гэжээ. (Харьцуулж үзэхэд Оюу толгой, Таван толгой ордуудын гэрээ тохиролцооны хэмжээ бүр олон зуун тэрбум доллароор хэмжигдэж байгаа, дээрээс нь дэлхийн геополитикийн тулаанд хамгийн аюултайд тооцогддог эрчим хүчний түүхий эдийн төлөөх дайнд нэг муу улсын тэргүүн байтугай, бүхэл бүтэн улс орнуудыг ч золионд гаргадгийг бид Панам, Афганистан, Косовогийн хямрал, Ирак гээд олон улсын жишээн дээр харж байна.)
Энэ мэтчилэн 20-р зууны эрчим хүчний төлөөх дайнд хэчнээн улс орныг устган сүйрүүлсэн жишээг бид олноор дурдаж болно. Мөн өөрийнхөө лайг өөрөө эдлэх улс төрчдийн хувь тавилан ч мань мэтэд хамаа алга даа гэж үзлээ гэхэд авч чадахгүй хоосон олзны төлөөсөнд Монгол орныг минь чирэх гээд байгаа өнөөгийн эрх баригчдын энэ үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй тул Монгол оо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрт зориулж нийтлэв.

5 comments:

  1. Чухал мэдээлэл байна. Баярлалаа. Нөгөө хэд уншаасай.

    ReplyDelete
  2. Ирээдүйтэй Монгол:

    Шинэ Монгол чухал асуудлуудыг хөндсөн байна.
    Холбоо барьж санал бодлоо илүү гүнзгий солилцох хүсэл байна уу? шинэ Монгол оо.

    ReplyDelete
  3. Болноо. Contact us гэдэг дээр бидэнтэй холбогдох мэйл хаяг байгаа.

    Хүндэтгэсэн,

    ReplyDelete
  4. Баярлалаа...

    ReplyDelete
  5. sainuu chi b.monkhtselmeg@yahoo.com ene hayagruu utasniihaa dugaariig yawuulaach hamtrah mash goy ajil bna

    ReplyDelete