Friday, June 11, 2010

Хязгааргүй нөлөөллийн технологи - энгийн хэлбэр

Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд хэрэгтэй гэх буюу хязгааргүй нөлөөллийн технологи

(Дэлхийн 187 оронд амжилттай хэрэгжиж ирсэн хязгааргүй нөлөөллийн технологийн зарим хэсгээс энгийн ойлгогдох хэлбэрээр найруулан тавив. )

Дэлхий дээр хүний оюун ухааныг зайнаас залж чаддаг технологийг бий болгох гэж олон зуун жилийн турш үе үеийн шилдэг эрдэмтэд янз бүрийн туршилт, судалгаа хийсээр ирсэн байдаг. Энэ нь ч зохих үр дүнгээ өгсөн, холбогдох туршилтууд нь ч амжилттай болж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их дурдагдаж байгаа.
Харин үеийн үед хүний сэдэлт, үйлдлийг залах шилдэг хэрэгсэл бол тухайн хувь хүний ашиг сонирхол байсан, байсаар байна.

Орчин үед хувь хүнийг ашиг сонирхлоор нь залан чиглүүлэх арга хэрэгсэл нь далд дайны буюу тагнуулын хэрэгсэл байхаас гадна улс төр, бизнесийн салбарт маш өргөнөөр хэрэглэж байна. “Хүний санаа бодлыг удирдах хамгийн шилдэг арга бол түүнд ашиг сонирхлынх нь сэдэлтийг өгөх” гэж Америкийн топ маркетингийн компаниудад заадаг. Үүнтэй адил аливаа улс орны удирдагчийг ашиг сонирхлынх нь дагуу чиглүүлэн залж чадвал тухайн улсыг нь залж болно гэж хязгааргүй нөлөөллийн технологийн талаар судлаачид ярьдаг. Энэхүү улсын удирдагч хэдий чинээ нэр хүнд, мөнгө, эд баялагт дуртай, эсвэл хэдий чинээ гөжүүд, зөрүүд, муйхар, зальхай, аймхай, бэртэгчин байна, төдий чинээ залахад амархан гэж үздэг. Ийм ч учраас улс бүрийн стратеги судлалын хүрээлэнгүүдэд аливаа улс орны удирдагч нарыг маш нарийвчлан судалдаг ба үүний дараа тухайн улстай харилцах харилцааны технологийг нарийвчлан гаргадаг. Үүн дээр гео-стратегийн ач холбогдолтой улсуудын хувьд энэхүү арга технологи нь тухайн их гүрнүүдийн тусгай албадын сэтгэл зүйн тасагт бас давхар очдог онцлогтой.

Хувь хүнийг ашиг сонирхлоор нь удирдан чиглүүлэх гэдэг далд нөлөөллийн технологи болон энэхүү стратегийг хэрэгжүүлдэг тусгай албад хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй. Гэхдээ дэлхий даяар өөрийн нөлөөллийг тогтоох их гүрнүүдийн далд дайнд томоохон байр суурь эзэлдэг нь маргаангүй. Хязгааргүй нөлөөллийн технологийг хувь хүнд чиглэсэн, нийгэмд чиглэсэн гэж 2 үндсэн хэсэгт хуваадаг. Хүйтэн дайны үед хуучин социалист системийг кока кола, видео хоёр л устгасан гэдэг шиг нийгэм луу чиглэсэн нөлөөллийн технологи нь улс орныг хүн ам зүй, соёл иргэншил, түүхэн уламжлал ёс заншил, аж амьдралын хэв маягийг устгах буюу өөрчлөхөд чиглэдэг. Нийгэм луу чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи амжилттай хэрэгжсэн тохиолдолд хувь хүн луу чиглэсэн нөлөөллийн технологи илүү хялбар болдог ч гэж үздэг. Харин хувь хүнд чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи нь тухайн тавигдаж буй зорилт бүрээсээ хамаарч тус бүр өөр өөр хандлага, арга барилтай байхыг шаарддаг. Хувь хүн луу чиглэсэн далд нөлөөллийн буюу хязгааргүй нөлөөллийн технологи нь үндсэн 3-н шаттай хэрэгждэг.
1. Тухайн хүний ашиг сонирхлыг өөртөө ашигтай байх урсгал луу чиглүүлэхийн тулд суурь судалгаа хийх (сэтгэл зүй, ааш зан, боловсрол, төлөвшилт, гарал үүсэл, гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчин, сурсан бага, дунд, дээд сургууль г.м. бүх талаас нь судлах замаар сэтгэл зүй, ашиг сонирхлынх нь загварчлалыг нь гаргадаг)
2. Тухайн гаргасан загварчлалын дагуу хувь хүний ашиг сонирхлыг зорилтот ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх, эсвэл зорилтот ашиг сонирхолд тэр хүний ашиг сонирхлыг захируулах технологийг хэрэгжүүлэх.
3. Ашиг сонирхлоор нь уялдуулан асуудлыг шийдвэрлэх
(Дээрх 3-н шатлалын дагуу нөлөөлөх арга технологи хэрэгждэг гэж онцолдог.)

Хязгааргүй нөлөөллийн технологи Монголд хэрэгжиж байгаа эсэх.

Монголын улс төрийн тогтолцоог хэн удирддаг вэ гэвэл хүн бүр УИХ гэж хэлэх нь ойлгомжтой. Гэтэл УИХ нь өөрөө бас нэг тогтолцооны дамжлага гэвэл та итгэх үү?

Дэлхийн хүн төрөлхтний түүхийг харж байхад үеийн үед улс төрийн тогтолцоо нь өөрөө далд тоглолтын талбар байсаар ирсэн, өнөөдөр ч тийм байгаа. Энэхүү далд тоглоомын дүрмээр хэн сайн тоглоно, тэр хүн л тоглоомд хождог гэсэн сонгодог ойлголт байдаг. Харин Монгол шиг жижиг, буурай орнуудад энэ тоглоомын дүрмээр хэн сайн тоглодог нь биш, энэ тоглоомын дүрмийг тухайн оронд тохируулж зохиосон гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүд бүх тоглолтыг хяналтдаа барьдаг гэдгийг энгийн хүмүүс мэддэггүй. Жижиг буурай орны эрх мэдэлтэн өөрийн ухаалаг үйлдлээрээ баяжиж, хөлжиж , гаднынхантай ашигтай наймаа хийж байна гэж сэтгэх боловч үнэн хэрэгтээ гадаадын бодлогыг хэрэгжүүлэх үүргээ өөрийн мэдэлгүй сайн биелүүлснийхээ төлөө авах ёстой урамшууллыг нь тухайн хүний нэр төр, байр суурийг нь эрсдэлд оруулахгүйгээр шийдэж өгдөгт л гол учир нь байдаг.
Цаашилбал, гадаадын стратеги бодлого хэрэгжүүлэгч нар Монголын төр засгийг өөрийн ашиг сонирхлын нэг дамжлага болгосон аргачлал нь дэндүү энгийн. (Ер нь аугаа бүхэн энгийн гэж үг байдаг. Энэ тохиолдолд даанч дэндүү эмгэнэлтэй “аугаа” болж байгаа нь харамсалтай). Тухайлбал, гадаадын гео-стратегийн бодлогыг Монгол улсад хэрэгжүүлэхэд УИХ гэдэг тогтолцоо нь хамгийн гол үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тэгвэл УИХ доторх процессыг удирдагч хэдхэн хүнийг ашиг сонирхлоор нь барьчихсан байхад УИХ өөрөө гадаадын бодлогыг дамжуулагч хэрэгсэл нь болчхож байгаа юм. УИХ-ыг удирдагч тэр хэдэн хүмүүс нь цаашаа ямар аргаар, ямар ашиг сонирхлоор нь УИХ дахь гишүүдээ дөнгөлж асуудлыг шийдүүлнэ, тэр бол гадаадын стратегиудад сонин биш. Гол тархийг нь залчихсан байхад бие нь хаашаа холдох вэ дээ гэдэг уламжлал болсон хандлагаараа үйл ажиллагаагаа амжилтад хүргэсээр л байх болно.

Ингээд УИХ-аар асуудлыг шийдүүлсний дараа нь гадаадын гео-стратегийн бодлогыг Монголын язгуур эрх ашиг мэт хэвлэл мэдээллээр
хэсэг мэргэжлийн тархи угаалт хийгээд л, ард түмнийг хэдэн худлаа тоо, сайхан амлалтаар тайвшруулаад л боллоо. Энэ бүх мэргэжлийн төвшинд хийгдэх хязгааргүй нөлөөллийн технологи нь алдаж байсан статистик тун ховор гэж бие даасан судалгааны институцийн шинжээчид дүгнэдэг.

ХАРИН ГАДНЫН ТАВЬСАН ӨГӨӨШИД АШИГ СОНИРХЛООРОО ОРЧИХСОН ЭРХ БАРИГЧИД ХЭНИЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГАА ӨӨРСДӨӨ Ч МЭДДЭГГҮЙ, АНЗААРДАГГҮЙ ӨНГӨРДӨГ НЬ ГАШУУН ҮНЭН.

(Байгалийн баялаг ихтэй жижиг буурай орнуудын түүхийг судалж байхад хэдхэн хүний ашиг сонирхлоор нь улсынх нь ихэнх баялгийг хуу цөлмөөд аваад гарсан тохиолдол дэндүү их тохиолдож байна. Энэ нь нэг талаасаа улс төрчдийн гаргасан шийдлийн үр дагавар 15-20 жилийн дараа үр хүүхдүүдийнх нь нуруун дээр очдог болохоор тухай эрх баригчдын амьдрах үед хор уршиг нь гүйцэд илрэхгүй байгаагаас, нөгөө талаас илрүүлэхгүй байх гаднын бодлоготой нь холбоотой гэж үздэг.)

Монголын төрийн тогтолцоо дэлхийн геополитикийн тогтолцоонд хэрхэн уягдан орсон талаар.

Монголын төр, тэр тусмаа УИХ-ыг бүхэл бүтэн системийн нэг хэсэг болгохоор маш ухаалаг, шат дараалалтай систем, хууль эрх зүйн шийдлүүдийг 1990 оноос шат дараалалтай амжилттай хэрэгжүүлж ирсэн гэж танил гадаадын геополитикийн судлаачид маань бүр 2006 онд анхааруулж байсан. Гэтэл манайд Монгол улсын улс төр, эдийн засгийн тогтолцоог Монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаар бий болгосон гэж цээжээ балбах хүмүүс олон. Ингээд өнөөгийн тогтолцоог Монголчууд өөрсдөө сэдэж олоод Монголд нэвтрүүлсэн юм уу, эсвэл...?

Танил судлаачийнхаа нэгэн ярианаас сэдэвлэн зарим нэг асуудлыг дэлгэе. “Гадаадын геополитикийн бодлогын хүрээнд 1990-1992 оны түүхэн шилжилтийн шатан дээр Монгол улсад хамгийн их тохирох төрийн тогтолцоо гэж ухуулан мэдээллийн эх сурвалжаар хангаж, тархи угааж хэрэгжүүлсэн тогтолцоо бол одоогийн “учир нь олдохгүй” парламентын засаглал (танил судлаачийнхаа хэлсэн томьёоллоор нь оруулж байна). Тухайн үед ил талдаа төрийн засаглалын олон хувилбарыг Монголын талд гаргаж өгч байсан юм шиг боловч далд талдаа өөрсдөдөө ашигтай мэдээллийн урсгалын сувгийн амыг илүү нээж, ашиггүй мэдээллийн урсгалын сувгийг хаах далд үйл ажиллагаа явуулсныг Монголчууд мэдээгүй. Мэдээж илүү мэдээлэл авч, илүү судалсан засаглал аа Монголын судлаачид түлхүү ашиглах нь ойлгомжтой байсан болохоор гадаадын стратегиуд өөрсдийн бэлтгэсэн мэдээллийн урсгалыг нээж, бэлтгэгдсэн эрдэмтэн, зөвлөхүүдээ Монголтой санаандгүй мэтээр холбосон байдаг. Иймэрхүү энгийн аргаар “учир нь олдохгүй” парламентын засаглалыг Монголд хамгийн ашигтай засаглал гэж итгүүлж чадсан нь орчин үеийн хязгааргүй нөлөөллийн технологийн “гайхамшиг”.

Энэ бол эхний алхам. Үүний дараа Монголын “учир нь олдохгүй” парламентыг хяналтгүй болгох 2 дахь загвараа хэрэглэсэн нь сонгуулийн систем юм. Учир нь Парламентын засаглалтай орон гэж үндсэн хуулиудаа заасан атлаа Ерөнхийлөгчийн засаглалтай улсын жишгээр мажоритар сонгуулийн системийг хуулиуд нь суулгаж өгсөн нь өнөөгийн төр засгийн системийн хямралын эх булаг нь болсон.
Улмаар шат дараалан хязгааргүй нөлөөллийн технологийн дагуу Монголын “учир нь олдохгүй” парламентаар гадаадын гео-стратегид нэн чухал олон хуулиудыг батлуулсан байдаг. Тухайлбал:

- 1997 онд гадаадын зөвлөхүүдийн (эдийн засгийн алуурчид гэж хэвлэлээр бичээд байгаа) шууд оролцоотойгоор Монгол банкны тухай хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаар Монголын төр засаг мөнгөний бодлого явуулах эрхээ гаднынханд алдаж, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх чадваргүй болсон.

- 1997 онд Ашигт малтмалын тухай хууль нь мөн л гаднын зөвлөхүүдийн (геополитикийн технологичид) оролцоотойгоор батлагдсан. Энэ хууль батлагдсанаар Монголчууд газар нутгаа гаднынханд алдах үүд хаалга нээгдсэн.

Энэхүү санаандгүй мэт, эсвэл санаатайгаар ашигтай мэт ойлгуулан оруулсан үл анзаарагднам олон заалтууд нь өнөөгийн манай засаг төрийн тогтолцоог гадаадынхан өөрсдийн эрх ашигт хязгааргүй ашиглах гол нөхцөл нь болоод байна.

Үүний дараа энэхүү өөрсдөө буй болгосон систем ба тоглоомын дүрмээрээ Монгол улсыг өөрийн зоргоороо хөдөлгөж байгаа нь гашуун үнэн.


Гадаадын стратегиуд яагаад “учир нь олдохгүй” парламентын” засаглалыг Монголд сонгож оруулсан тухай.


Түүхэндээ олон намын тогтолцоонд засаглалтай байж үзээгүй Монгол улсын хувьд 1990 оны үед хэзээ ч урьд өмнө хэрэглэж үзээгүй парламентын засаглалыг тогтоохдоо аливаа алдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гадаадынхны туршлагыг судлах, таньж мэдэх шаардлага гарсан нь гаднын мэргэжлийн геополитикийн технологичид орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин энэхүү зөвлөмж нэртэй зөвлөхүүдийн саналуудын цаана нь гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүдийн нарийн боловсруулсан урт хугацааны төлөвлөгөө байсныг тухайн үеийн намын эрх ашгаараа хуваагдсан Монгол улс анзаарах сөхөө байгаагүй.

Үүн дээр тухайн уламжлалт коммунист нам, ардчилсан хүчний шинэ нам гэдэг харилцан сөргөлдөцгөөх үзэл суртлыг дэвэргэх замаар УИХ-ыг өөрийн ашиг сонирхлоор удирдан чиглүүлж байсан нь гадаадын хязгааргүй нөлөөллийн технологийн мөн чанар.


Монгол улсын төр засгийг хэн удирддаг вэ?

Монгол улсын төр засгийг гадаадын гео-стратегийн ашиг сонирхол удирдаж байгаа нь нэгэнт тодорхой. Ийм системийг бий болгох гэж олон арван жил шаргуу ажиллаж, нэлээд олон зуун сая доллар зарцуулсны үр дүнд одоо гадаадын геополитикийн технологичид үндсэн ажилдаа ороод байгааг бид бэлхнээ ажиглаж байна. Үүний тод жишээ бол Оюу толгой, Таван толгой г.м. стратегийн ордуудыг гаднын компаниудад өгөх кампанит ажлууд юм.

Олон арван жил бэлтгэж, шат дараалалтай ашиг сонирхлоор нь удирдан залах замаар Монголын төр засгийг өөрсдийн оньсон хүүхэлдэй болгож чадсан гадаадын стратегиуд одоо ургацаа хурааж эхэлж байгаа нь энэ.

Системийнх нь хэмжээнд асуудлыг хяналтдаа авч чадсан гадаадын стратегиуд төрийн эрх баригч эрхэм гишүүдийг мөн ашиг сонирхлоор нь уялдуулан чиглүүлэх замаар өөрсдийн болгох нь мөн л энгийн технологийн арга. Энэ технологийг задалж үзвэл:

Юуны өмнө гадаадын гео-стратегийн ашиг сонирхлыг эрх баригч намуудын дарга, засгийн газрын тэргүүн нарыг хувь хүнийх нь ашиг сонирхолтой нь уялдуулах технологийг хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл намын даргын хувийн ашиг сонирхлыг гадаадын гео-стратегийн ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх асуудал. Энэхүү процессын хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлал бол хамтарсан ашгийн урсгалаас адилхан өгөөж хүртэх бүтэц. Өөрөөр хэлбэл гадаадын гео-стратегийн ашиг сонирхол эрх баригчдын ашиг сонирхол болох ёстой. Үүн дээр энэхүү хамтын зорилт амжилттай хэрэгжих тусам 2 талын хүртэх өгөөж нь нэмэгдэж байхаар харилцан уясан систем давхар үйлчилдэг.

Дараагийн шатлал бол улсын төрийн удирдлагын системийг ашиг сонирхлоор нь уялдуулах арга технологийг хэрэгжүүлнэ. Дээр дурдсанчлан Монгол улсыг МАХН-ын удирдах зөвлөл, Ардчилсан намын удирдах зөвлөл гэсэн 2-хон аппарат удирдан авч явдаг. МАХН-ын удирдах зөвлөлийг намын дарга нь ашиг сонирхлоор нь барих, АН-ын удирдах зөвлөлийг намын дарга нь ашиг сонирхлоор нь тус тус барьж чадаж л байхад хоёр нам угаасаа гадаадын гео-стратегийн аалзны торноос гарахгүй.

Үүн дээр намын эрх ашиг гэдэг агуу номлолыг мөн л ашиг сонирхлоор нь удирдан залах технологийг гадаадын стратегиуд мөн л ур чадвартайгаар хэрэгжүүлж байна. Энэ нь юу вэ гэвэл 2012 оны сонгуульд намаа ялуулахын тулд сонгогч нарын өмнө амлалтаа биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл дээр нь тоглох замаар орд газруудыг хурдан зарах сэдэлтүүдийг өдөөсөн нарийн тооцсон алхам. Тэгээд стратегийн ордуудыг гаднынханд хямдхан өгсөн тохиролцоонд урьдчилгаа мөнгө авах, авсан мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийх гэсэн маш энгийн намын эрхэм ашиг сонирхол. (
Дэлхийн бусад улс орнуудад төсвийн мөнгөөр өөрийн тойрогтоо сурталчилгаа хийхийг “гахайн торх” буюу Pork barrel гэж нэрлэдэг ба энэхүү үйлдлийг хуулиар хориглосон байдаг.)

Иймэрхүү байдлаар гадаадын стратегиуд 2012 оны сонгуулийн сурталчилгаандаа мөнгө санхүүжилтээ олох ашиг сонирхлоор нь намуудыг барьцаалж буй технологи нь энэ.

Ингээд эцэст нь аливаа үйлдлийг хүний хүчин зүйлс дээр сайтар уялдуулж тоглож чаддаг гадаадын стратегиуд УИХ-ын дотор өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлэгч хүмүүстээ тусад нь хөндлөнгөөс дэмжлэг үзүүлэх “лобби” бүлэг заавал байгуулдаг. Энэхүү лобби бүлэгт ашиг сонирхлын нөлөөллийн технологид амархан автах нөхдүүдийг түлхүү оруулах зарчим байдаг ч одоогийн нөхцөлд гадаадын бодлогыг хэрэгжүүлэгч Монголын эрхмүүд ямар тактик барьж байгааг мэдэхгүй. Ерөнхий энгийн зарчим бол “алтан боломж” гарлаа. Ашигла, оролц, хувиа ав, өөр дахиж ийм бололцоо гарахгүй шүү гэх ашиг сонирхлыг нь өдөөх сэдэлт. Үүний дээр энэ бол улсад ч ашигтай, намд ч ашигтай, чамд ч ашигтай хувилбар гэдэг түгээмэл аргачлалынхаа дагуу хандлага гарах болов уу.

“Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд ч хэрэгтэй” гэх хандлагын цаана Долингорын хоосон чулуу атгуулдагтай адил аргаар гадаадынхан асуудлыг шийдэж байгаад хэргийн гол учир нь байна. Дэлхий дээр ашиг сонирхлоор удирдан чиглүүлэх гэдэг гадаадын хязгааргүй нөлөөллийн технологи дэлхийн 187 онд амжилттай хэрэгжсэн, одоо ч хэрэгжиж байгаа гэж үздэг. Тэгвэл ХУВЬ ХҮН БҮРИЙГ ХУВИЙНХ НЬ АШИГ СОНИРХЛООР ДӨНГӨЛДӨГ АСАР АЮУЛТАЙ ХЯЗГААРГҮЙ НӨЛӨӨЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МӨН ЧАНАРЫГ ЭРТ ТАНИН ОЙЛГООГҮЙ УЛС ОРНУУДЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХИЙГ БИД ДАВТАХ УЧИРГҮЙ!

Энэхүү тавилт Монголоос эхлээгүй, Монголоор дуусахгүй.

Дүгнэлт:

Гадаадын гео-стратегийн ашиг сонирхол өнөөдөр бий болоогүй, маргааш алга болчихгүй. Энэхүү ашиг сонирхол нь геополитикийн бодлогын хүрээнд дэлхийн улс гүрнүүдийг аалзны тор мэт хэрэн, замдаа дайралдсан улс болгоныг шим шүүсийг нь ил бөгөөд далд аргаар сорон авч дуусахаас нааш санаа нь амрахгүй нь ойлгомжтой.
Манай Эзэн Богд Чингис хаан маань “Тангуд улс сөнөөгүй гэж өглөө бүр сануулж бай” гэсэнтэй адил гадаадын гео-стратегийн санаархал сөнөөгүй шүү гэж бид өглөө бүр өөрсдөдөө сануулж, эх орноо гадаадын харалган бодлогын золиос болгохгүйн төлөө хүн бүр сөрж зогсож чадвал бид улсаа ч хөгжүүлнэ, хойч үеэ ч эрсдэлд оруулахгүй. Учир нь үеийн үед бүх улс оронд гадаадын гео-стратегийг зогсоож чаддаг ганцхан хүч байдаг. Энэ нь эх орноо гэсэн сэтгэл, энэ сэтгэл дор нэгдсэн ард түмэн. Монголын хүн бүр эх орноо гэх сэтгэлээ нандигнан тээж байгаа цагт бид Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө зогсож чадна. Энэ бол бидний үр хүүхэд, хойч үеийнхээ өмнө хүлээсэн түүхэн үүрэг, хариуцлага.

Монгол улсаа хөгжүүлэхийн тулд гадаадын улсуудтай хамтарч болохгүй гэсэндээ биш, ганцхан Монголынхоо ирээдүйг гадаадынхны ашиг сонирхол, тэдний боловсруулсан тоглоомын дүрмээр шийдвэрлэх гээд байгаа нь аюултайг анхааруулж байна.
Монголын ард түмэн мэргэн ухаанаараа бүхнийг ялж чадна гэдэгт итгэж байна. Эх орноо гаднын бодлогоор биш, өөрсдийнхөө бодлогоор хөгжүүлье !



Эцэст нь хэлэхэд амьдрал дээр аливаа үйл явцыг үнэн гэдгийг баталдаг ганцхан хүчин зүйлс бий. ЭНЭ БОЛ ЦАГ ХУГАЦАА. Харин цаг хугацаа хэн нь зөв бэ гэдгийг харуулах мөчид бид засаж болох алдаа хийж үү, засаж болохгүй алдаа хийж үү гэдэг асуудал үүсвэл тэр жинхэнэ АЮУЛ!

No comments:

Post a Comment