Saturday, June 5, 2010

Хязгааргүй дайны хэрэгсэл

Хязгааргүй дайны үйл ажиллагаа ба хэрэгсэл (Unrestricted warfare)
Системийн анализ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бидний хэдэн нөхөд системтэй хөгжлийн талаар зарим нэг компани, байгууллагуудад зөвөлгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. Энэ ажлын хажуугаар бид дэлхийн улс орнуудын системтэй хөгжлийн хөтөлбөр боловсруулах аргачлал, хандлагын талаар судалгаа хийж байгаа ба Монгол улсын стратеги хөгжлийг 2050 он, 2100 он хүртэл тодорхойлох арга хэлбэр, аргачлалыг дэлхийн хөгжингүй орны стратеги хөгжлийн программ, бодлогыг судлах замаар олж тогтоохыг эрмэлзэж ажиллаж ирсэн. Бусад хөгжингүй орны стратеги хөгжлийн бодлого, стратегийг судлах явцад 2 зүйл маш тодорхой болж ирсэн. Энэ нь:
1. Аливаа улс өөрийн улсын стратеги хөгжлийн жанжин шугамыг доод тал нь 50-100 дээш жилээр тодорхойлдог.
2. 50 жилээр тогтвортой, стратеги хөгжлийн программ боловсруулахдаа эхлээд 50-100 жилийн турш тогтвортой үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, жанжин шугам, программ аа боловсруулдаг, бааз сууриа хангадаг юм байна.
Өөрөөр хэлбэл, үндэсний хөгжлийн программ нь үндэсний стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг өгөгдхүүнтэй хамт салшгүй холбоотой байдаг юм байна. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдал болон стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг асуудлыг яаж тодорхойлох вэ, ямар хэмжигдхүүн байх ёстой вэ, ямар эрсдэлээс ямар үр дагавар гарч болох вэ, аливаа эрсдэлийн сөрөг үр дагавар нийгэмд хир хэмжээний хор хөнөөл учруулах магадлалтай вэ, энэ нь засаж болдог алдаа юу, засаж болохгүй алдаа юу, тэгвэл үндэсний аюулгүй байдалд юуг засаж болдог алдаа гэж үзэх үү, юуг засаж болохгүй алдаа гэж үзэх үү г.м. бүх эрсдэл, алдааны өгөгдхүүнүүдийг маш нарийн тодотгож авч үздэг байна. Ер нь нийгмийн хөгжлийг алдаа хийхгүйгээр дардан хөгжүүлнэ гэсэн ойлголт дэлхийн улс орнуудад байдаггүй, ямар нэгэн хэмжээгээр хүн төрөлхтөн алдаж онож хөгжиж ирсэн, ганцхан энэхүү алдааг засаж болох алдаа, засаж болохгүй алдаа гэдэг 2-хон ангиллаар дэлхийн улс орнууд (шууд болон шууд бус нөлөөллийн аргаар эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжүүлж байгаа улс гүрнүүдийг эдгээр улсуудын тоонд оруулаагүй болно) өөрсдийн тогтвортой хөгжил болон үндэсний аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох нь түгээмэл харагдаж байна.
Үндэсний аюулгүй байдлын бодлого зөв байхаас улс орны ирээдүй шалтгаалах нь зайлшгүй гэдэгтэй ихэнх эх орноо гэсэн төлөвшилттэй хүмүүс санал нийлэх буй за. Тэгвэл орчин үед үндэсний аюулгүй байдалд заналхийх аюул нь дээд эрэмбийн технологийн хөгжил, дэлхийн геополитикийн тогтолцоо, геостратегийн ашиг сонирхолоос хамаарч шинэ өгөгдөхүүн, шинэ арга тактик, шинэ хэрэгсэлтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Үүний нэг жишээ бол “Хязгааргүй дайны үйл ажиллагаа буюу хэрэгсэл” юм. “Хязгааргүй дайны үйл ажиллагаа буюу хэрэгсэл” нь орчин үед дэлхийн ихэнх орнуудын тодорхойлж буй ассиметрик дайны гол хэрэглүүр нь болж байна. (Симметрик дайны хэрэгсэл буюу ижил түвшний цэрэг зэвсгийн хүчин чадалтай орнууд хоорондоо дайтах, ассиметрик буюу цэрэг зэвсгийн хувьд харилцан адилгүй, нэг нь хэт их давуу талтай үед 2 улс хоорондоо шууд болон шууд бус дайн хийх)
“Хязгааргүй дайны үйл ажиллагаа” (Unrestricted warfare – хязгаарлалтгүй дайны хэрэгсэл ч гэж орчуулж болох) гэдэг ойлголт 1999 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 2 хурандаа Qiao Liang, Wang Xingsui нарын хэвлүүлсэн номноос үүдэлтэй ба энэхүү номонд Хятад улс АНУ-тай дайн хийсэн тохиолдолд ямар арга, тактикаар дайн явуулах вэ гэдгийг цэрэг дайны стратеги талаас нь онцолж бичсэн байна. Энэхүү номны хэсгээс Америкийн Холбооны Мөрдөх Товчооныхон орчуулсан байсныг судалж үзсэний үндсэн дээр зарим нэг асуудлыг та бүхний анхааралд хүргэхийг зорьж байна.
“Хязгааргүй дайны үйл ажилллагаа”-нд доорхи 4-н дайны хэрэгслийг онцолсон байна. Энэ бол :
1. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл
2. Эдийн засгийн дайны хэрэгсэл
3. Сүлжээний дайны хэрэгсэл
4. Терроризм

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 2 хурандаа Qiao Liang, Wang Xingsui нар энэхүү дайны үйл ажиллагаа нь шууд дайн хийснээс хэд дахин бага зардалтай ба илүү хор хөнөөлтэй гэдгийг онцолсон байна.
Үүн дээр экологийн, химийн, микробиологийн, генетикийн, нанотехнологийн, психотроны, мэдээллийн, технологийн, технологи дамжуулалтын, демографын г.м. өндөр эрсдэл дагуулдаг технологиуд нэмэгдээд ирэхлээр ассиметрик дайны хэрэгсэл хичнээн цар хүрээтэй болсон нь илэрхий байна.
Үүнээс хууль эрх зүйн дайн, эдийн засгийн дайны хэрэгсэлийн талаар хэд хэдэн жишээг авч үзье.
Хууль эрх зүйн дайны хэрэгсэл.
1. Өөрийн үндэстэнд ирээдүйд аюул учруулах магадлалтай орныг аль болох технологи, цэрэг дайны хүчин чадлын хувьд цааш нь хөгжүүлэхгүй байх бодлогыг олон улсын тавцанд хэрэгжүүлэх нь хууль эрх зүйн дайны нэг хэрэгсэл болсоор иржээ. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр тухайн улс гүрнүүд цэрэг дайны технологийн хөгжлөөрөө түрүүлж давуу байдалтай болох стратеги бодлогыг баримтладаг байна.

2. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл шууд хийх дайны өмнөх хэрэглүүр
Хууль эрх зүйн дайны хэрэгсэл шууд дайны өмнөх гол хэрэглүүр болсон жишээ бол Ирак улс юм.
2003 онд АНУ Ирак улс руу довтлохоосоо өмнө НҮБ болон бусад холбогдох улсуудын дэмжлэгтэйгээр Ирак улсын эсрэг санхүү болон эдийн засгийн хориг арга хэмжээ (эмбарго) авсан явдал юм. Үүний үндсэн дээр 2003 он гэхэд Ирак үнэн хэрэгтээ жил бүр 300 000 хүүхэд эндэгддэг, эдийн засаг нь нурсан, амьжиргааны түвшин асар доогуур, бодит байдал дээр бол ямар ч бодитой эсэргүйцэл үзүүлэх боломжгүй улс байсан. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн дайны хэрэгслээр дамжуулан эсрэг талаа сульдуулж дараа нь эзлэх тактик бодит байдал дээр хэрэгжсэн нэг жишээг бид харж байна.
Мөн энэхүү дайн нь геостратегийн зорилттой байсныг тэмдэглэх хэрэгтэй. 2003 оны Иракийн дайны өмнө 1998 онд Венесуэлийн Засгийн эрхийг Уго Чавес авснаар тухайн улсын нефтийн бодлогод аажим аажмаар асар их өөрчлөлт орсон нь анхаарал их татаж байгаа юм. Венесуэль улс нь нефтийн нөөцөөрөө дэлхийд 7 ордог улс ба логистикийн хувьд АНУ-д хамгийн ойрхон жижигхэн улс (Канад улс нефтийн нөөцөөрөө дэлхийд 2-т ордог ба хүчирхэг эдийн засаг болон улс төрийн тогтолцоотой улс) ба АНУ-д нефть нийлүүлэгч гол улсын нэг байсан (нийлүүлэлтийн хэмжээгээрээ 3-д ордог байсан). Венесуэль улсаас авдаг нефть хангамжийн урсгал эрсдэлд орж эхлэнгүүт АНУ өөр орлуулах эх сурвалж хайж эхэлсэн нь тодорхой. Иймд АНУ-ын хувьд хүч султай бөгөөд асар их нефтийн баялагтай Ирак улс нь (нефтийн нөөцөөрөө дэлхийд 4-т ордог) дайн хийхэд хамгийн тохиромжтой улс байсан ба Иракт үй олноор устгах зэвсэг байна гэсэн дайн хийх болсон үндэслэл нь сүүлд худлаа болох нь батлагдлаа гэж дэлхийн хэвлэл мэдээлэл, стратеги шинжилгээний институциуд дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл хүч сул дорой оронд асар их байгалийн баялаг байгаа буюу илэрсэн тохиолдолд тэр улс дэлхийн том гүрнүүдийн геостратегийн бай болдог гэдгийг заавал анхаарч үзэх ёстой. Шинээр үүссэн эрсдэлт нөхцөл орчинд үндэсний аюулгүй байдлын бодлогоо арай “өөр өнцөгөөс” тодорхойлон харах аваас бид олон эрсдэлийг зөв гэтлэн давах боломж илүү бүрдэнэ гэж үзэж байна.
3. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл геостратегийн гол хэрэглүүр
Өнөөдөр буурай орныг мэдээллийн тархи угаалтын замаар өөрийн стратеги бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талбар болгох асуудал өөрийгөө хамгаалах чадваргүй бүх оронд хэрэгждэг. Учир нь ихэнх улс өөрсдийн геополитик болон геостратегийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хуулинд заасан заавар, заалтуудыг өөртөө ашигтай байдлаар өргөн хэрэглэдэг. Мөн өөртөө ашигтай нөхцөл байдлыг үүсгэхийн тулд олон төрлийн улс төрийн болон санхүү эдийн засгийн шахалтуудыг үзүүлдэг нь ч үнэн. Энэ процессыг тодорхой жишээ нь дээр авч үзье.
Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийг тухайн үеийн Дэлхийн банкны болон бусад гадны экспертууд зөвөлгөө өгөх нэрийн доор зохион байгуулсан байдаг. Энэхүү ашигт малтмалын хуулийг олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсддөө ашигтай нөхцөлөөр “тархи угаах” замаар Монгол улсын Парламентаар батлуулж чадсан байдаг. Үүний дараа энэхүү хууль ба “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” хавсарч гадны хөрөнгө оруулагч нар Монголын стратегийн ордуудыг өөрийн болгох гол гол зорилтуудаа хэрэгжүүлэх гол нөхцөл нь болсон. 3-дах алхам бол тухайн улсын газар нутгийг өөрийн, эсвэл олон улсын зах зээлд хувьцаа гаргах маягаар баталгаажуулж авах асуудал. Ингээд эцэст нь ямар дүр зураг гарч ирж байна вэ гэхлээр Монгол улсын хуулийн дагуу олон улсын конвенцоор батлагдсан хэм хэмжээнд орчин үеийн хууль эрх зүйн дайны технологийн аргаар геостратегийн бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэ бүх процессыг шат дараалалтай нь дахин авч үзье гэвэл:
1. Дэлхийн олон улсын түгээмэл конвенцуудад Монгол улс нэгдэн орсон тохиолдолд ямар үүрэг хүлээж байгаагаа маш сайн ухамсарлан үзэж харах ёстой байсан ба эдгээр олон улсын хууль тогтоомжийг Монгол улс мөрдөх болсонтой холбогдуулж гарч болох бүх эрсдлийг үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд шинээр бодлого боловсруулах асуудалд Монгол улс хайхрамжгүй хандсан байдал
2. Ашигт малтмалын хуулийг үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлын бодлого 2-той маш сайн уялдуулж хийгээгүй ба гадны экспертүүд, зөвлөхүүдийн “санал зөвлөмжийг” сайтар нягтлаагүй, олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсдөө мэдэхгүй асуудлуудыг шууд хуулбарлах маягаар хэрэгжүүлсэн байдал
3. Ашигт малтмалын хуулийг батлуулахын тулд олон төрлийн “лобби”-дох үйл ажиллагааг хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор нь шийдсэн байдаг
4. Ашигт малтмалын хуулинд нэг хуулийн этгээд болон хувь хүнд олгож болох лицензийн тоог хязгаарлаагүй байдал (Логик талаас нь бодоход нэг хүн нэгэн зэрэг 100-200 талбайд нэгэн зэрэг хайгуул хийж, олборлолт явуулна гэж мэдээж хаана ч байхгүй асуудал)
5. “Гадны хөрөнгө оруулалтанд таатай орчин бүрдүүлэх” гэдэг зөвхөн төлөвшсөн, хууль эрх зүйн сайн хамгаалалттай хөгжингүй орнуудад хэрэгждэг технологийг буурай оронд “тархи угаах” замаар буруу хэрэгжүүлж үндэсний аюулгүй байдлыг өндөр эрсдэлд оруулсан байдал
6. Гадаадын компаний эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон ба Монгол улсын ЗГ-аас зөвшөөрөл аваагүй байж дур мэдэн хувьцаа гаргах асуудлыг хуульчлан хориглоогүй байдал
7. Гадны хөрөнгө оруулалттай компани Монголын стратегийн орд газруудыг гадаадад худалдах эрх зүйн байдлыг тодорхой багцалж, хуульчлаагүй байдал
8. Монгол улс олон улсын хууль дүрэмд захирагдах тул гарцаагүй байдалд оруулах стратегийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд цаанаасаа “тусгай” дэмжлэгтэйгээрээ хэрэгжүүлсэн байдал

Эцэст нь Монгол улс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нэг бол асар их өрөнд орох, эсвэл үндэсний аюулгүй байдлаа маш том эрсдэлд оруулах гэсэн 2 хүнд сонголтын эрмэгт тулах нөхцөл бүрдээд байна. Учир нь энэ бүх бодлогыг монголчууд өөрийнхөө гараар өөрсдийгөө боомлох үйл ажиллагаа руу чиглүүлэн залах замаар гадныхан хийсэн болохоор хэн нэгэн гадны улсыг санаатай ийм үйлдэл хийсэн гэж нотлох хууль эрх зүйн акт байхгүй. Харин монголчууд өөрсдөө хууль баталж, хүний хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд дараа нь улайн цайм дээрэмдэх бодлого явуулж байна гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн цацаж, дэлхийн олон улсуудад Монголын тухай буруу ойлголт өгүүлэх илүү магадлалтай, эсвэл үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон улсын хууль тогтоомжийг зөрчих байдал үүсгэх гарцаагүй байдлыг үүсгэж байгаагаараа үндэсний аюулгүй байдлын асуудлыг ноцтой хөндөж байна. Цаашилбал энэ нь 1973 оны Чили, эсвэл 2003 Иракийн байдалтай адил нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймэрхүү бодлогын золиос нь ХХ зуунд Африкийн орнууд байсан бол 21-р зуунд Монгол болох магадлал өндөр байна. Африкийн орнууд яагаад хөгжлийн гарцгүй болсон бэ гэдэг асуудлыг хөндөж үзэх аваас бид Монголд ямар аюул нүүрлээд байгааг ойлгож болно. Харин хүйтэн дайн төгсгөл болсноос хойш хуучин “соц” гэгдэх орнуудад өрнөөд байгаа нөхцөл байдлыг сайн ажиглаж үзэх аваас Монголд хэрэгжүүлж байгаа гадаадын олон хамтын ажиллагаануудын үнэн мөн царайг бодитойгоор ойлгох боломж илүүтэйгээр бүрдэж байна.
Эдийн засгийн дайны хэрэгсэл
1. Буцалтгүй тусламж
Буцалтгүй тусламжийн хэлбэрээр дэлхийн олон нийт нэг нэгэндээ туслах хамтын ажиллагааны хэлбэр байгаа нь сайшаалтай хэрэг. Бид энд зөвхөн буцалтгүй тусламжийн нэрийн дор эдийн засгийн ашиг сонирхолоо зарим улс хэрхэн хэрэгжүүлж ирдэг талаар товч дурьдах гэсэн юм.

Буцалтгүй тусламжийн хэлбэрээр нөгөө улсын эдийн засгийг унагаах технологи. Энэхүү технологийн гол үүрэг бол тухайн салбарыг босгох тал дээр биш, харин цааш нь хөгжүүлэхгүй тал дээр бага хэмжээгээр амин тариа хийх замаар явуулсаар, ажмаар өөрийн болгох асуудал юм. Жишээ нь эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нэрийн дор ихээхэн хөрөнгө оруулалтын зээлийг энэ салбарт өгөх замаар тухайн салбарын технологийг өөрийн улсад ашигтай технологиор солих бодлого байдаг. Тухайлбал, эрчим хүчний салбарт шаардлагатай зээлийг өгөхдөө эдийн засгийн үр ашигтай байдлыг харгалзаж үз гэж хэлдэг болохоос өөрийнхөө орны аюулгүй байдлыг бод гэж хэзээ ч хэлдэггүй. Ингэж эдийн засгийн үр ашигтай байдлыг үүсгэхийн тулд санаатайгаар дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр технологи болон бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар тухайн үйлдвэрийн технологийг өөрийн эдийн засгийн хараат байдалд оруулдаг байна. Үүний дараа нэгэнт тухайн улсын технологиос хамааралтай болсон үйлдвэрийн сэлбэг болон технологийн шинэчлэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу удирдах нөхцөл байдал үүсдэг. Цаашилбал тухайн улсын эрчим хүчний аюулгүй байдалд занал хийх замаар өөрсдийн тулган шаардалтуудаа хүлээн зөвшөөрүүлдэг технологи түгээмэл байна.

Ойрын нэг жишээ авч үзье. Манай хойд хөршийн нэг “А” улс. А улс одоо өөрийн цахилгааны хангамжаа “Б” улсаас авдаг ба ийм байдал үүсэх болсон шалтгаан нь А улс өөрийн эрчим хүчний түгээх салбарыг Т улсын эрчим хүчний компанид өгсөн асуудал юм. 1 кВт цахилгааны үнийг х үнээс хэтрүүлэхгүй гэсэн ТЭҮ (техник эдийн засгийн үндэслэл) хүргүүлж байсан Т улсын компани нь хөрөнгө оруулалтаа хийж ажлаа дууссаны дараа энэ үнээ 2 дахин нэмэхгүй бол ашиггүй гэсэн шаардлага өгснөөс А улсын эрчим хүчний салбар гацаанд орсон ба Б улсаас цахилгаанаа авахаас өөр сонголтгүй болсон асуудал. Б улс нь усан цахилгаан станцын сүлжээ сайтай учир хямдхан цахилгаан экспортлох бүрэн бололцоотой улсын тоонд ордог.
Ер нь эрчим хүчний салбар, холбооны салбар 2-ыг хөгжингүй бүх орнууд хэзээ ч хувьчалдаггүй, гадаадын байгууллагуудад ч өгдөггүй.

2. Эдийн засаг, зах зээлийн тодорхой хэсгийг импортын зорилтот бодлогоор унагаах

Импортын зорилтот бодлогын гол хэрэглүүр нь стратегийн “ашиггүй” болон “ашигтай” гэсэн 2 ангилалтай байдаг. “Ашиггүй” гэх технологи нь 1-3 жил ашиггүй боловч, 5-10 жилийн хугацаанд гарсан зардлаа хэд дахин нөхөх, эсвэл өрсөлдөгч талын эдийн засгийг унагаах зорилготой буюу дахин сэргэх нөхцлийг нь хаах замаар хэтдээ тэр улсыг өөрийн нөлөөний нэг хэсэг болгох гэсэн 2 стратегийн зорилтот үйл ажиллагаа юм. Жишээ нь:

70-аад оны үед Зүүн Өмнөд Азийн А, Б улсын хооронд үүссэн хил орчмын дайн мөн их “сонин”, жижигхэн зүйлээс эхтэй. Тухайн үед А улс нь хил залгаа Б улсын районоос үхрийн нэг годонг нэг үхрийн үнээр авч эхэлсэн байдаг. Үүний улмаас Б улсын тухайн газар нутагт үхэр үй олноор үхэж, газар тариалан эрхлэх гол малын хүчгүй болсон ба улмаар өлсгөлөн газар авсан. Энэ нь цаашдаа асар их үймээн үүсгэх суурийг тавьсан ба А улсын зүгээс өөрийн улсын аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор цэргийн хүч хэрэглэснээр дайн эхэлсэн түүх байдаг.

(90 оны үед Монгол улсаас тэмээний 4-н тавхайг нэг тэмээний үнээр авч байсан нь мөн дээрхи үйл явдалтай адилхан байгаа нь сонирхол татаж байгаа юм.)

“Ашигтай” гэх технологи нь бол өөрийн улсад ашигтай стратегийн түүхийг эдийг бага зардлаар буюу бага хүндрэлтэйгээр өөрийн улсдаа тогтвортой, урт хугацаанд оруулж байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хязгааргүй нөлөөллийн технологийг ашиглах явдал юм. Энэхүү технологийн хүрээнд тухайн түүхий эдийг экспортлогч оронд түүхий эдийг хагас болон бүтэн боловсруулах үйлдвэрийг байгуулах бааз суурийг бий болгож болохгүй гэдэг стратеги бодлогыг хэрэгжүүлдэг байна . Улмаар эдийн засаг болон улс төрийн шууд бус нөлөөллийн, сүлжээний стратеги бодлогуудыг түүхий эд экспортлогч орны эсрэг түгээмэл хэрэглэдэг байна.
Нэгдсэн импорт, экспортын бодлого болон экспорт импортын үнийн зохицуулалтгүй манай оронд (дэлхийн бүх хөгжингүй орнуудад энэ 2 бодлогыг маш нарийн хуульчилж өгсөн байдаг) дээрхи технологиудын цаад мөн чанар, хор уршигийг нарийн тодруулж, нягтлаагүй үед олон төрлийн эрсдэлт байдал үүсгэж байгааг анхаарч үзнэ үү.

Ер нь өөрийн өрсөлдөгч зах зээлийг унагаах төрийн зохицуулалтай технологи сүүлийн үед тив дамнан, олон улсын хэмжээнд гарч байгааг олон улсын шинжээчид олон дахин анхааруулж байгаа ба зарим тохиолдолд эсрэг талын эдийн засгийн гол бааз суурийг эвдэх замаар өөрийн нөлөөнд оруулах бодлогын нэг хэрэглүүр болоод байна.

3. Хөрөнгө оруулалт.
Латин Америкийн нэг жижиг орныг хөрөнгө оруулалтын хуулийнх нь цоорхойгоор ихээхэн хохиролд оруулсан түүх байдаг. Тухайн улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт тендер зарлахад шууд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон заалт байсан боловч хамтарсан компаний хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн хуультай байсан. Энэ асуудлыг А улсын компани маш энгийн “ухаалаг” байдлаар шийдсэн байдаг. “Оff shore” зоны бүртгэлттэй өөр өөр эзэнтэй мэт хэд хэдэн компани тухайн улсын хэд хэдэн компанитай хамтарсан компани байгуулж тендерт ялан, улмаар тухайн улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт гол тоглогч нь болсон байдаг. Тухайн улсын бүртгэлээр бол хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч үнэн хэрэгтээ цаана нь нэг эзэнтэй, нэг бодлоготой компани байсаныг хожим сүүлд ил болсон ба тухайн компаниудын олон жил тус тусдаа мэт хэрэгжүүлсэн бодлого болон үйл ажиллагаа нь Латин Америкийн энэхүү жижиг орны эдийн засагт ихээхэн алдагдал болон хохирол учруулсан байдаг.

Дэлхийн ямар ч хөгжингүй орнууд цаад жинхэнэ эзэн нь тодорхой биш, эцсийн хариуцлага тооцох боломжгүй, тодорхойгүй эсвэл оффшор тодотголтой хөрөнгө оруулалтын компаниудыг аливаа улсын стратегийн ач холбогдолтой ямарч салбарт оруулдаггүй.

4. Экологийн дайн

Экологийн дайны хэрэгсэлд 2 үндсэн чиглэл байдаг:
1. Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх
2. Экологийн тогтолцоог эдийн засгийн хөшүүргээр эвдэх
Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх
Эсрэг талынхаа экологийн тогтолцооны тэнцвэртэй байдлыг алдагдуулах нь тухайн улсын эдийн засгийг унагаах шилдэг аргуудын нэг гэж судлаачид сэрэмжлүүлж байна. Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх асуудал нь ихэнх тохиолдолд санамсаргүй мэт, цөөхөн тохиолдолд санаатайгаар ил эвдэх технологи гэж 2 хуваадаг. Санамсаргүй мэт технологийн арга нь аливаа технологийг хэрэгжүүлж чадахгүй хүмүүст санаатайгаар өгөх, санаатайгаар ил эвдэх технологи нь шинжлэх ухаанд экологийг эвдэхгүйгээр хэрэглэх технологи гараагүй ба заавал их бага хэмжээгээр экологи сүйтгэх замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг технологийг хэлнэ. Үүнийг 2-хон жишээн дээр авч үзье. Цианит натрий бол их хортой бодис ба техникийн аюулгүй байдлыг зөв хэрэглэсэн тохиолдолд экологид хор уршиг тарих нь бага. Гэтэл цианит натрийг техникийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй, мэдэхгүй, хэрэглэх технологийг сураагүй хүмүүст их хэмжээгээр санаатайгаар өгөх болон худалдах юм бол үүнээс үүдэн гарах үр дагаварын цар хүрээг хэн ч таашгүй.
Санаатайгаар ил эвдэх технологи бол цахилгаан станц, цөмийн эрчим хүч ашигладаг байгууллага, байгаль орчныг ихээр сүйтгэх үйлдвэрлэлийн технологи, барилга байгууламжууд юм. Эдийн засгийн үйлдвэржилтийн зохистой бодлого байхгүй тохиолдолд энэхүү технологи нь үндэсний аюулгүй байдлын гол өгөгдөхүүн, хүн ам зүйн эрүүл мэнд, генофондод асар их уршиг тарих магадлалтай эрсдэлийн тоонд зүй ёсоор ордог. Энэхүү үйл ажиллагаанаас гарах үр дагаврыг мэдсээр байж хэрэгжүүлэх ажлыг санаатайгаар хөндлөнгөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулах ажлыг экологийн дайны бас нэг хэлбэр гэж үздэг байна.
Экологийн тогтолцоог эдийн засгийн хөшүүргээр эвдэх
Экологийн тогтолцоог эвдэх технологи нь аливаа улсыг эдийн засгийг нураахаас гадна нийгэм улс төрийн тогтолцоог асар богино хугацаанд маш том эрсдэлд оруулдагаараа хамгийн аюултай технологийн тоонд зүй ёсоор ордог. Экологийн дайны хэрэгсэл ч сүүлийн үед тодорхойлдог болоод байгаа. Энэ асуудлыг Монгол улсад өрнөөд байгаа, өөрийн жамаар мэт боловч цаанаасаа бодлоготой , асар холын хараатайгаар хийж байж болох зарим нэг жишээ нь дээр авч үзье.
Монгол улсын хувьд гол амьжиргааны нэг өгөгдөхүүн бол мал аж ахуй байсаар ирсэн. Тэгвэл мал аж ахуйг нь сүйрэлд оруулвал манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд төсөөлж барашгүй аюул заналхийлнэ. Мал аж ахуйг сүйрэлд оруулах стратеги бодлогыг шат дарааллыг авч үзье.
1. Усны тогтолцоо, эко системийг эвдэх
Экологийн усны системийн сүлжээ, тогтолцоог устгах асуудал бол мал аж ахуйг сүйрэлд оруулах нэг шилдэг арга. Ундны усгүй болох, бэлчээрийн тал газрууд нь газрын гүнээс авдаг усны хангамжаа авч чадахгүй устаж, элсэн цөл болох тохиолдолд уух усгүй, идэх өвсгүй болсон мал сүрэг өөрийн жамаараа хорогдох гол шалтгаан болно. Нэгэнт сүйдэж ашиглах бололцоогүй болсон бэлчээрийн талбайнаас дайжсан малчид хоорондоо малын бэлчээр булаацалдаж иргэдийн мөргөлдөөн үүсэх асуудлыг дараа нь хэрхэн шийдэж зохицуулах вэ?
Экологийн усан суваг, системийг эвдэх бас нэг шалгарсан арга бол тухайн орчны ой модны тогтолцоог эвдэх. Ой модны тогтолцоог эвдэхийн тулд гадаадын нэг орон модыг өндөр үнээр импортлох стратегийн алсын хараатай бодлого явуулахад л хангалттай.
Эсвэл уул уурхайн салбарын зохистой бодлогогүй орчинд ус суваг газрыг хамгийн ихээр сүйтгэдэг технологи болох ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийх явдал юм.
2. Бэлчээрийн тал газрыг үржил шимгүй болгох ба устгах
Бэлчээрийн даацыг 2003 онд систем системийн динамик загварчлалын аргаар доктор, профессор Очирбат тогтоож байсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын экологийн тогтолцоо тодорхой тооны малыг л тэжээх даацтай ба үүнээс хэтэрвэл бэлчээрийн даац нөхөн сэргээгдэхгүй, устах аюултайг анхааруулж байсан. Тэгвэл бэлчээрийг хамгаас их сүйтгэдэг малын тоонд ямаа зүй ёсоор ордог. Малын сүрэг доторх ямааны тоог эрт дээр үеэс манай ард түмэн хязгаарлаж үржүүлж ирсэн байдаг. Эрт дээр үеэс манай монголчууд хүйтэн хушуутай мал, халуун хушуутай мал гэж ангилж ирсэн нь ч учиртай байжээ. Гэтэл гадаадын улс орнууд ноолуурыг өндөр үнээр импортлох стратегийн бодлогыг хэрэгжүүлж эхлэнгүүт ашиг сонирхолдоо хөтлөгдсөн монголчууд өөрсдөө ямааг байх хэмжээнээс нь илүүтэйгээр өсгөж эхэлсэн ба бэлчээрийн тал газруудаа өөрсдөө үй олноор сүйтгэх бодлого хэрэгжүүлж байна. Эцэст нь энэ нь бэлчээргүй болсон таван хошуу мал бага багаар хорогдох нөхцөл байдлыг бий болгоод байна. Дээрээс нь төрөөс санаатайгаар уу, эсхүүл санаандгүй юу, ноолуурын экспортыг (ноолуурын үйлдвэрлэлийг биш шүү) дэмжих ажилд олон тэрбум төсөвлөж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөн одоо энэ асуудлыг засаж залруулахад улам бүр хүндрэлтэй болгож байгаа асуудал нь энгийн ард иргэдийг маш их хэмжээгээр ноолуурын салбараас хамааралтай болгож байгаа ба эдгээр иргэдийн амьжиргааны нөхцөл байдлаар далайлгаж асуудлыг шийдэхгүй, улам хүндрүүлж байгаа явдал юм.
Генетикийн дайн
Харьцуулах жишээ: 1910 онд нэг алим идэхэд хүний авдаг байсан төмрийн хэмжээ, 2010 онд 5 кг алим идсэний дараа авах ёстой төмрийн хэмжээтэй тэнцэж байна. Өнөө үед генетикийн нөлөө үзүүлж болзошгүй технологийг хамгийн аюултай технологийн тоонд мөн зүй ёсоор оруулдаг. Эрдэмтэд генетикийн нөлөө, мутаци үзүүлэх эрсдэл өндөртэй технологийг атом болон биологи, химийн зэвсэг хэрэглэж ирсэн үеэс аюултай гэдгийг нь тогтмол анхааруулж ирсэн. Генетик болон мутацийн эрсдэл гарах технологийг юуны өмнө богино хугацаанд нөлөөлдөг, урт хугацаанд нөлөөлдөг, сөрөг нөлөө нь богино хугацааны дараа илэрдэг, урт хугацааны дараа илэрдэг, нөлөө болон үр дагаварыг нь засаж болох, засаж болохгүй гэх мэт олон талаас нь ангилж үздэг байна. Монголд генетикийн технологийн аюул юуны өмнө хүнс, малын тэжээлээс үүсэх магадлал бий.
Аливаа үндэстэн хүнсний аюулгүй байдлын бодлогоо нэн тэргүүнд тавьсаар ирсэн ба энэ салбарт маш өндөр шалгуур, стандарт, хууль үйлчилдэг байна. Хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдсан тохиолдолд тухайн улс үндэстний хувьд хамгийн түрүүнд генетикийн эрсдэл үүснэ гэж үздэг. Тэгвэл хүнсний аюулгүй байдлыг технологийн аюулгүй байдал, хөрсний аюулгүй байдал, малын бэлчээр болон ус сав газруудыг бохирдлоос хамгаалах г.м. олон талаас нь хууль эрх зүй болон хяналтын цогц системийн хүрээнд авч үздэг байна. Ер нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт аливаа шинэ технологийг ч маш нарийн судалж, олон жил туршиж үзсэний дараа үйлдвэрлэлд нэвтрүүлдэг байна.
Жишээ нь малын фермерийн аж ахуйг хөгжүүлэхтэй холбоотой үүсч болох субьектив эрсдлийн талаар авч үзье.
Фермерийн аж ахуйн давуу тал бол ажлын бүтээмж өндөр, эдийн засгийн үр ашиг өндөр гэдэг нь хүн бүрт тодорхой. Гэхдээ үүний цаана тухайн сүү болон маханд агуулагддаг байгалийн шим тэжээл, ашигт витамины орц 5-85% алдагддаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ алдагдлыг багасгахын тулд малын тэжээлд янз бүрийн комбикорм (тэжээл), биокорм их бага хэмжээгээр түгээмэл ашигладаг.
Нөгөө талаас Монгол улсын цаг уурын нөхцөл байдал, экологийн түүхэн хувьсалтай уялдан монгол хүний генофонд мөн уялдан хувьсаж ирсэн. Эрс тэрс уур амьсгалтай Монгол оронд сайн чанарын, витаминлаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн нь монгол үндэстний бие организм цаг агаарын огцом өөрчлөлтийг давах нэг гол нөхцөл нь болдог. Харин монгол хүн малаасаа авах ёстой бүх шим тэжээлээ, эрдэс баялгаа авч амьдарч ирсэн нь түүхэн үнэн. Хэрэв фермийн аж ахуйг өргөн хэрэглээд ирсэн тохиолдолд хөгжингүй орны стандартыг мөрдөж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн бааз суурь Монголд байхгүй. (Энэ технологийг яг стандартын дагуу хэрэгжүүлэхэд олон арван жил хэрэгтэй ба их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Монголд хэрэгжүүлж ирсэн олон тооны технологи дамжуулалтын процессийг харж байхад ихэнх тохиолдолд тухайн стандартаас хэд дахин бага хугацаа зарцуулж, аравны нэгд нь ч хүрэхгүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь тухайн технологи монголд олон улсын стандартын дагуу суурьшиж бий болох нөхцөл яагаад ч бүрдэх боломжгүй. ) Тийм болохоор стандартын бус фермерийн үйл ажиллагаа явуулах нь тодорхой ба энэ тохиолдолд байгалиас авдаг шим тэжээлийг сайн чанарын комбикормоор орлуулж чадахгүй ба энэ нь эцэстээ бидний хэрэглээний хүнсний чанарт ихээхэн хэмжээгээр нөлөөлөх ба цаашид Монголын хүн амын генофондод асар их сөргөөр нөлөөлнө.
Малын фермерийн аж ахуйг ерөөсөө байгуулж болохгүй гэх үүднээс хандаж байгаа юм биш, ганцхан малын фермийн аж ахуй Монголын мал аж ахуйн салбарын 10-15%-иас хэзээ ч хэтэрч болохгүй, зохистой харьцааг үргэлж хангаж хөгжүүлэх аваас үүсэж болзошгүй сөрөг нөхцөл байдлыг зөв давж болно гэдгийг л бодож үзэх хэрэгтэй.
Геостратегийн дайн
Геостратегийн гадаад бодлого хүйтэн дайны эрин үе дуусгавар болсоноос хойш ихэнх хөгжингүй орнуудын хувьд хамгийн чухал бодлогын нэг болоод байна. 1973 оны Чили улсад болсон үйл явдлыг коммунист нийгмийн аюул гэж авч үзэн үзэл суртлын бамбай болгон ил биш, далд аргаар эзэлж байсанчлан өнөө үед ил биш, далд аргаар аливаа улсад өөрийнхөө нөлөөллийг тогтоох асуудал түгээмэл байна.
1973 онд АНУ-ын тусламжтайгаар Августо Пиночет засгийн эрхэнд гарсны дараа Чили улсын бүх зэсний бодлого болон борлуулалт АНУ-ын геополитикийн дагуу шийдэгдэж ирсэн. Тухайн үед АНУ Августо Пиночетийг дэмжих болсон бодлого нь албан ёсны тайлбараас хол зөрөөтэй байсныг тайлбарлах нь зөв байх. Нэг талаас Салвадор Альендегийн Засгийн Газар томоохон зэсний ордуудыг улсын өмч болгосон асуудлыг АНУ өөрийн иргэдийн хувийн өмч рүү шууд халдан довтолсон гэж үзсэн. Тэр үед Чилийн томоохон ордуудыг нь АНУ-ын хувийн компаниуд эзэмшиж байсан ба энэхүү ордуудаа алдсанаар эдийн засаг болон АНУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжилд ихээхэн саад болох эрсдэл байсан тул АНУ-ын шууд дэмжлэг ба нууц албадын шууд оролцоотойгоор Августо Пиночет засгийн эрхийг гартаа авсан гэж дэлхийн судлаачид санал нэгтэй дүгнэж байна.
(Тодруулга. Чили улс нь дэлхийд зэсийн нөөцөөрөө 1-д ордог ба дэлхийн нийт зэсийн 38, 5 % Чили улсад байдаг. Зэсний үйлдвэрлэлээрээ ч Чили улс дэлхийд №1 буюу 2009 онд 5,41 сая тн цэвэр зэс үйлдвэрлэсэн байна. )
Монгол улс дэлхийн гүрнүүдийн геостратегийн бай болж байгаа тохиолдолд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэн үзэх аваас аливаа том гүрнүүдийн ашиг сонирхол, тив дамнасан бодлогын нөлөөнд автаж үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулах нөхцөл бага үүснэ.
Дүгнэлт:
Дэлхийн хөгжингүй орнуудад олон эмжээрт эрсдэлийн өгөгдөхүүнийг үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд авч үзэхдээ гарч болох бүх аюул, үр дагаварыг дангаараа ганц хүн, эсвэл ганц байгууллага бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй гэж үздэг. Олон тооны их сургууль, төрийн бус байгууллагууд, стратеги, систем судлалын олон институцийн оролцоотойгоор асуудлыг бүх талаас нь нягталж үзэх замаар үндэсний аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох нь орчин үед аливаа улс үндэстэн өөрсдийгөө эрсдэлд оруулахаас хамгаалах нэг чухал фактор болдог юм.
Нөгөө талаас дэлхийн геополитикийн ашиг сонирхолын сүлжээнд нэг улсыг эрхшээлдээ оруулах ил болсон 483 технологи аргачлал бий гэж үздэг. Үүний цаана ил болоогүй 2 дахин их нууц технологи байна гэж бие даасан судалгаа шинжилгээний байгууллагуудын гаргасан дүгнэлтэнд дурьдсан байна. Ийм нөхцөл байдал гадаадын геополитикт уягдсан гео-стратеги, гео-эзлэн түрэмгийлэл, хязгааргүй дайны хэрэгсэл, хязгааргүй нөлөөллийн технологи г.м. аливаа улс орныг (ялангуяа эрчим хүчний стратегийн түүхий эд баялаг ихтэй, хөгжил буурай орнуудыг) ил бөгөөд далд аргаар эзлэн авдаг арга хэрэгсэлүүд улам их хүрээгээ тэлж байгаа өнөөгийн нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын бодлого, хууль эрх зүйн орчин, сөрөг нөхцөл байдал үүсэхэд шуурхай арга хэмжээ авах үндэсний аюулгүй байдлын бүтэц, зохион байгуулалтыг сайтар хангах зайлшгүй шаардлага тулгараад байгааг анхааралдаа авах нь зөв болов уу.

13 comments:

  1. Сайн уу, эрхэм Шинэ Монгол

    Нийтлэлийг тань олж уншаад их баярлалаа. Учир нь Монголд системын онолыг ярьдаг хүмүүс тун цөөн байдаг. Судлаач Ганхуяг зөв ойлголттой, Нэргүй доктор дөхүүлдэг, Баабар хааяхан захаас нь хөндөөд өнгөрдөг.

    Хэрэв зөвшөөрвөл, нийтлэлийг www. tsahimurtuu. mn вэб дээр тавимаар байна. Цахим өртөө сүлжээ маань дэлхийн дөрвөн зүг, найман зовхист суугаа 30 гаруй мянган Монголчуудыг нэгтгэдэг онлайн сүлжээ юм.

    Хүндэтгэн ёсолсон

    Монгол хүү

    ReplyDelete
  2. Niitleliig mini tooj unshsan Mongol hyy-d bayarlalaa. Tsahim urtuu site olon mongolchuudiig holbodog site gedgiig mednee. Herev tavih hyseltei bol tatgalzahgui zuilgui. Gants nohtsoltei, :D. Eh survaljaa zaaj uguurei.

    Hyndetgesen,

    Шинэ Монгол

    ReplyDelete
  3. Mongol hyy-d.

    tatgalzahgui zuilgui geed hachin um bichchihej, sry. Tatgalzah zuilgui.

    Hyndetgesen,

    Шинэ Монгол

    ReplyDelete
  4. Anh udaagaa iim nariin medeelel olj unshlaa. Bayarlalaa.

    ReplyDelete
  5. ихэнх хүмүүст зориулж хэлэхэд ийм зүйлийн талаар толгойгоо гашилгаж шаналах хэрэггүй шүү. талхчин нь талхаа бариад, гуталчин нь гутлаа загнаад сууж байлаа гээд монголдоо хайргүй болчихгүй. Харин үүнийг бичигч мэргэжилийн тэр нөхөр болбоос энэ тухайгаа зохих их сургуульд нь, сонирхсон тэр хүмүүст нь хэрэг болгож тухайлан хэлэлцэхийг хойш тавилгүй ажил болгоно гэж найдъя. Монголчууд бүгд цэрэг болсоноор монгол хүчтэй болохгүй, харин хүн бүр хийсэн ажилдаа эзэн байвал монгол хүчтэй болно.

    ReplyDelete
  6. Сийрэг ухаантай байх нь хангалттай биш, түүнийг сайн ашиглах нь чухал.

    Рене Декарт

    ReplyDelete
  7. Yunii turuund amjilt husie! Neg sanal helehed tsaashig bichleguudee olon niitiin hurteel bolgovol hereglesen eh survaljuudaa bichlegtee duridaj baigaarai (zovhon blogoor hyazgaarlah bol hamaagui baij boloh biz).

    ReplyDelete
  8. Zgr neted bdag medeelliig orchuulaad tawisan bnadag! yamr ch ishlel alga!

    ReplyDelete
  9. Солих оймсгүй, шалдан бөгсөө гялалзуулан завьжаараа нэг хөөс цахруулж “тусгаар тогтнол, эх орон” гэж хоосон чихруулан орилж нүцгэн цээжээ балбан дөвчигнөөд юунд хүрэх юм бэ!

    ReplyDelete
  10. Zarim humuus ih hutsah yumaa. Sudalgaa hiideg ch geh shig .... yu ch bdag yum... lav medehgui l yum bna...

    ReplyDelete
  11. Хоорондоо хэрэлдэх цаг биш байхаа. Ойлголцох, огтолцох өнцөг өнцөгөөрөө, ухаарах, сэтгэх, хийх боломж боломжоороо Монголынхоо төлөө жоохон ч гэсэн юм хийе, Монголчуудаа

    ReplyDelete
  12. сайн байна уу? сонин сайхан байнга бодууштай л сэдвүүд хөндсөн байна. миний мэдэхийн л тэр экологийн дайн 1990 он гарангуут л эхэлсэн, хужаа нар манайд хийж. ямаа, тэмээнээс гадна буга, тарвага, чоныг оруулаад одоо ч хийж байна. бэлчээргүй болсон малчид сумын төв рүү, сумынхан аймаг руу, аймгийнхан хот руу, хотынхон гадагшаа. одоо түйрэн эргэсэн эзгүй болсон хөдөөд гав ганцаараа костюм өмсч ланд 200 унасан хужаа машинаасаа буугаад чулуу үзээд явж байхыг ноднин хөдөө явж байхдаа харсан. бичлэгээ үргэлжлүүлээрэй. амжилт хүсье.

    ReplyDelete